Суурь будалтын бүтээгдэхүүний тухай

Ямар ч өө сэвгүй хамба хилэн мэт будалт хийх хамгийн чухал хэсэг бол суурь будалт байдаг. Тиймээс өөрт хамгийн тохирсон суурь кремийг сонгон авах нь чухал ба будсаны дараа яаж харагдах, орц найрлага болон таны арьсны онцлогт хамгийн сайн тохирч байгаа эсэх нь ч чухал юм шүү.  

“Хэрвээ та өөрт тохирсон хамгийн сайн суурь крем хайж байгаа бол манай бүтээгдэхүүнийг сонирхоорой.  Мөн манай студи дээр ирээд мэргэжлийн Makeup artist, багш нараас зөвлөгөө авч бүтээгдэхүүн сонгон авах боломжтойг дуулгахад таатай байна.”

Суурь крем сонгон авах ерөнхий зөвлөгөөг хүлээн авна уу. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Суурь будалт гэж юу вэ? 

Нүүр будалтын хамгийн чухал хэсэг нь суурь будалтын бүтээгдэхүүн юм. Суурь крем нь нүүр болон хүзүүний арьсны өнгийг жигдрүүлэх үүрэгтэй байдаг. Бүтээгдэхүүний бүтцээс нь хамаараад суурь будалтаар нүхжилт болон үрчлээг ч багасгаж харагдуулах боломжтой. Түүнчлэн тослог арьстай бол тослогийг нь бүтэн өдрийн турш барьж, хуурай арьсыг эрүүл гялалзсан арьстай мэт харагдуулж болно. Крем нь мөн арьсны улайлттай, батгатай хэсгийг  далдлах гайхалтай үйлчилгээтэй юм.

Кремийн төрлүүд

Усан суурьтай

Усан суурьтай крем нь хамгийн түгээмэл байдаг. Түрхсэний дараа хатаж матт болдог ба өө даралт өндөр байдаг. Усан суурьтай кремийг хурууны өндөг, багс эсвэл спонжоор түрхэх нь тохиромжтой. Савлагаа нь ихэвчлэн дусаадаг эсвэл шахаж гаргах зориулалттай байдаг.

Пудр

Түгжигч пудртэй төстэй ч өө дарах зориулалттай байдаг учраас кремийн оронд дангаар нь хэрэглэж болдог. Шахмал бүтэцтэй байдаг бөгөөд шууд түрхэхэд хялбар. Багс эсвэл зориулалтын порлоноор түрхдэг.

“Кремийн өнгийг сонгохдоо шанаа дээрээ бага зэрэг түрхэн байгалийн гэрэлтэй газар толинд харж өөрийн тань арьсны өнгөтэй хамгийн сайн зохицож буй өнгийг сонгон хэрэглээрэй.”

Нунтаг пудр

Натурал будалт хийхийг хүсдэг хүмүүст зориулагдсан. Нунтаг пудрийн савлагаа нь их хэмжээгээр  асгарахаас сэргийлсэн шигшигчтэй байдаг. Ихэвчлэн багсаар будах зориулалттай.

Тосон крем

Тосон крем нь бага зэрэг зузаан бүтэцтэй. Өө даралт өндөр учир тайзны будалтад ихэвчлэн хэрэглэдэг. Спонж эсвэл багсаар будвал тохиромжтой.

Эргүүлдэг савалгаатай крем

Энэ нь тосон кремтэй төстэй бөгөөд эргүүлдэг савлагаатай. Нүүрэндээ шууд түрхэж ашиглах ба хуруу эсвэл багс болон спонжоор уусгаж хэрэглэж болдог. Эргүүлдэг савлагаатай учир бусад савлагаатай бүтээгдэхүүнийг бодоход шууд хэрэглэхэд амар байдаг.

Цацдаг крем

Цацдаг суурь кремийг бид “Air brush” гэж тодорхойлж болох  ба усан суурьтай бүтээгдэхүүн ашиглаж хэрэглэх бөгөөд тусгай хошууны тусламжтайгаар мист шиг цацаж хэрэглэдэг. Бүтээгдэхүүнээ шууд шүршиж хэрэглэж болохоос гадна багс, спонж болон гараараа уусгаж ашиглаж ч болдог. Цацдаг суурь крем нь удаан тогтоцтой бөгөөд будалтыг байгалийн гэрэлтсэн мэт харагдуулдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаяг бусдад харагдахгүй.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах